Saturday, April 7, 2012

Erdene-Ochir. Arlaan

1992, 1998 оны тэргүүн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Хичээлдээ бас чамд яарч...
Хичээлдээ, бас чамд яарч сургууль руу эрт очдог байлаа
Хэлхээтэй сувд шиг өдөр хоногийг хайраараа тасдаж мартдаг байлаа
Үүрийн зүүд чам руу эрвээхэй шиг нисдэг байлаа
Үлэмж сайхнаараа чи зуны ягаан цэцэг шиг байлаа

Азтай өдөр тохой золгодог цагаан хормогчтой охин
Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа
Би чиний цэнхэр туузтай гэзгээр чинь оролдоход
Бэх нүүсэн шиг хацар чинь ягаардаг байлаа

Үнсэж хайрлаад нар сарнаас ичиж явсан биш
Үзгийг чинь л хааяа дэмий гуйхаас хэтэрдэггүй байлаа
Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш
Үзэх нүдээ нээхийн зуур арав төгссөн байлаа.

I used to go for school in a hurry thinking about you
I used to spend days like a beaded pearl falling love with you
Your beauty was like a purple flower of summer
My dream used to fly to you like a butterfly

A girl in a school form whom I sit next to in a lucky day
was a passion of a boy at fifteen
when i touch your hair tied with blue ribbon
your cheeks used to turn into pink

I have never kissed her under the sun and the moon
I just used to ask from her to use her pen
We have never been children forever
the time has flied... and we left the school...


 Арга барсан бүсгүй
Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн

Чамайг хараад аргаа бардаг би
Цамцаа тайлж урж тасдмаар
Галзуурмаар болдог би

Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би

Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээр байна гэж зүүдэлдэг
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...

Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...

1998.10.24 

Арлааны Эрдэнэ-Очир: Санамсаргүй 

Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үүлс нүүж эхэлсэн
Салхи салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн
Сансрын ийм болзоогүй, учрал ерөөлөөр дүүрэн он жилүүдэд
Санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн

Нартай бороо гэнэт зүсрэх нь уяралт цэцгийн нулимстай
Намхан толгод биесээ түшээд зүүрмэглэх нь ижийн гэгээн зүүдтэй
Нуур цөөрмөөсөө ангир ижлээ дуудан ганганах нь навч унагасан гунигтай
Номхон хул морь чөдрөө тасдаад алга болох нь ижилдээ үүрсэлтэй

Санамсаргүйгээр чамдаа очих минь болзсоноос илүү догдлолтой
Санамсаргүйгээр нэг хүн энгэрт гарах нь жамын хагацлаас харамсалтай
Санамсаргүйгээр нүд сэтгэлийн чинь гэгээ энгэрт цэлсхийх арван хэдэн жилийн илчтэй
Санамсаргүйгээр нүүдэл хөсгийн бараа гүвээн дээр гарч ирэх нь алс цагийн удиртгалтай

Амгалан зүүдэнд гэнэт орж ирээд уйлах чинь сэтгэл өвтгөх хөндүүртэй
Анирхан Хэрлэнгийн шугуйд хайрын гуниг дуулах чинь итгэл дуудсан гэгээтэй
Амьсгал зөөлөн дорнын салхи өвөрт орж ирэх нь хүүгийн минь санаа алдаастай
Азаар би энэ жилүүдийг чимэглэн дуулсан минь хожмын алтан хуудастай

Санамсаргүйгээр нөхрөө гомдоож уучлал эрэх минь цээжнээ амгалан нарны туяатай
Санамсаргүйгээр цэцэг тасдаад хээр замд гээсэн минь талын салхины эмзэглэлтэй
Санамсаргүйгээр голын усанд чулуу шидээд эргэж харалгүй явсан минь нүгэлтэй
Санамсаргүйгээр гоёмсог нарны гэрлийг алгаар хаасан минь зуны алтан зурагтай

Шувууны өндөг гэнэт хагарч ангаахай гарч ирэх хувь төөрөгтэй
Шуугиант он жилүүд тэнгэрийн хаяа түлхэх нь гэзрын мөнгөн зураатай
Сураг битүү алс, цээжин дотор будангуйрах нь зүүдэн хөшигтэй
Суль өвс гортиг татаад бөхөлзөх нь нар зурсан уртай

Санамсаргүйгээр цасны гэгээ тэнгэрт тусч борооны солонго газарт нумрах
Сайхан энэ орчлонгийн өнгөнд хууртаад хүмүүний амьдрал дуусах гунигтай
Санамсаргүйгээр дүүрэн он жилүүдийн тааварт хөшгийг сөхөж
Салхинд зогсоод уул талыг ширтэх минь амьдын жаргалтай


Үнэгчлээд унтах хүүгээ үнсэхэд
Сүү үнэртэнэ, чамайгаа улам хайрлана
Аягалаад барьсан цайг нь амсахад
Дуу амтагдана, чамайгаа улам хайрлана 
Амраг чамдаа хайртай 
Аз жаргалтай хүн юм, би


А.Эрдэнэ-Очир : Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

А. Эрдэнэ-Очир Миний зурсан хорвоо

Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөслөрөөд 
Бүлээхэн бороо намиравч солонго татаад намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж 
Бүдэг гэрлийн нөмөр дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно 

Саруул талд тэнгэрийн хаяанаас эх авсан 
Салхины чимээ нуурийн толионоо долгис болно 
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад 
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгихад гэгээ болно

Үзэсгэлэнгийн хорвоо аниргүйхэн эргэж одод түгээд 
Үүлсийн чөлөөгөөр сар дэгдэж тоглоод туулай болно 
Үлгэр зүүдэнд итгэх танхил хүү нь ухаажиж 
Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно 

Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсаж 
Нарны мянган утас алтан харгалыг дүүжлээд зураг болно 
Намаржаа дэнж дээрх аавын гэрийн буурь аглагшиж
Намайг он жилүүд салхины бийрээр зураад хөрөг болно 

Зүүдний хорвоод хацрын чинь туяа гэрэлтэх агшинд
Зүүсгэл болгон одод хэлхэж өгөхөд сондор болно 
Зүрх сэтгэл минь зөөлнөөр нарны гэрэлд хөг орж
Зүүн хойноос салхи намираад надад ирэх нь алчуур болно 

Харгуйн үзүүрт цэцэг сүлжиж хүлээсэн тунимхай нүдийг
Хацартаа нааж хоноход маргааш нь жаргалт болно 
Хаана хэзээ ч хайрлаж цээжний чимэг хийгээд 
Харамлан нууж бодсон зовлонт хайр домог болно 

Оломгүй далайн гүн ёроолд чулуу хөдөлж 
Огторгуйд шинэ эрхэс тодроход бүсгүй хүн ижий болно 
Олон хээр адуу цочин үүрсэж гүү унаглахад 
Одод шуугисан үүрийн шаргал тал амаржсан эх болно 

Аян замын хорвоод мөр сүлжихийн тавилан 
Асга хадан дунд янгирын ишиг төрөөд тэх болно 
Асга тэнгэрийн цээлд бүргэдийн дэгдээхий өсч
Сүрлэг байцын хясаан дээр өвгөрөөд амьдрал болно

Аадар хур цас салхи нь хүртэл зүрх хөдөлгөх аястай 
Сүү нулимсаар миний үдсэн минь дуу болно 
Амьд явахад эргэн тойрон сэтгэл хөдөлгөх увидастай 
Сүүдэр гэрлээр миний урсан хорвоо дууль болно



No comments:

Post a Comment